Sunday, December 21, 2008


Тэнгэрийн хаяа бараантан дэлхий ертөнц надтай адил тавгүй байгаа гэлтэй зэврүүн харагдана. Тэртээ үүлсийн завсараар орон алга болох сон. Хэрвээ тэгэж чаддаг байсан бол аль хэдийн нисчихсэн байх байсан биз. Дураараа, чөлөөтэй, өөрийнхөөрөө…


Нисээд л, усны мандал зүсэн шумбан дүүлээд л, модны навч хуйлруулан дэвээд л, хэнд ч баригдахгүй, бас харагдахгүй, хаана ч буухгүй, бас тогтохгүй зөвхөн өөрийнхөөрөө тэнгэрийн хаяаг ширтэн нисээд л … Тахиа надад атаархан тэртээ дор донгодоод л… Харин би хараацайтай уралдан сүлжилдээд л… Дээшээ, бүр дээшээ, одоо чигээрээ, тэгээд баруун тийшээ, өшөө хурдан, бүр дээшээ… дээшээ, зүүн тийш ээ, одоо жаахан доошоо…. Ниссээр, дүүлсээр, шуугисаар, шуурсаар….


Газрын хязгаар, тэнгэрийн хаяа, зүүдэн заадас, мөрөөдлийн диваажин хүртэл яаран ниссээр, дүүлсээр, дэвсээр… Хайр луу тэмүүлэн бүх хүчээрээ тэмүүлсээр…. Тэртээ алсад хөвөх үүлсийг зүсэн, дээрээс нь доош шумбасаар….


Яг л ингэж эрх чөлөөтэйгээр амьдрах өдөр ирсэн юм шиг байна. Яах эсэхээ сайн мэдэхгүй ч би бол салхи… Салхийг хэн ч барихгүй бас харахгүй, зөвхөн мэдрэнэ. Хацрыг чинь илбэн, үсийг чинь сэвэлзүүлэн, хормойг чинь дэрвүүлнэ. Тэгэж л чи намайг хажуудаа байгааг мэдрэнэ. Харин би чамайг харна, дагана, үнсэнэ. Чи зөвхөн мэдрэнэ. Би үхсэн ч чамайг дагаад л, чиний эргэн тойронд байх болно. Чиний гараараа хүрдэг бүх зүйлтэй, орон гэрт чинь хүртэл цонх хаалттай ч завсраар нь би орох л болно. Би бол салхи. Өөрийнхөөрөө, дураараа, зоргоороо, эрх чөлөөтэйгээр чамайг л гэсэн би бол салхи. Хэрвээ би хүн болж чадах байсан бол, бас өөрийнхөө хэлбэрийг хүн шиг болгож чадах байсан бол чамд өөрт байгаа бүхнээ өгөх байсан. Чамд л гэж цаг гаргаж, чамд л гэж гараа гаргаж, чамд л гэж сэтгэл гаргаж, чамд л гэж зүрх гаргаж, чамд л гэж хайр гаргаж, чамд л гэж өөрийгөө золино. Би махан бие, цусан судлаас бүтсэн эгэл жирийн хүн. Зүрхнээс гарах хатуу, ширүүн, зэвүүн, хэрцгий зан араншингаа дарах гэж үйл тамаа цайж байгаа эгэл жирийн хүн, гэхдээ салхи. Би үхсэн юм чинь би салхи. Би үхсэн…. салхи болсон. Алсран одох харгуй хүртэл нэг л замтай нийлдэгтэй адил би ч ялгаагүй нэг л хүнтэй нэгдэх нь тодорхой.


Өнөөдөр гадаа бас л хүйтэн салхитай, зэврүүндүү өдөр байна. Орчлонд хүн ганц, хайр ганц, сэтгэл ганц, хүсэл ганц, салхи ч бас ганц. Магадгүй олон газар салхитай байвал салхи олон гэж хэлэх хүн гарч магадгүй. Гэхдээ миний хувьд салхи хэзээд ганц. Гагцхүү тэр ганц салхи олон газар янз янзаар үлээх олон ааштай төдий.